Monday, December 2, 2013

Үзэсгэлэнт газрууд

Даян нуур. Баян-Өлгий аймгийн нутагт Өндөрхайрхан уулаас зүүн хойш 2232 м өндөрт оршдог. 18 км урт, 9 км өргөн, 67 ам.дөр.км талбайтай. Гүн нь 40 метр, усны эзэлхүүн нь 0,157 шоо км юм. Мөнхцаст уулаас эх авсан жижиг гол горхиудаар тэжээгдэж байдаг. Усаа цуглуулах талбай нь 870 ам.дөр.км, эртний мөстлөгөөс үүсэн тогтсон нуур юм. Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газарт багтана. Нуурын эрэг дэх Ху-Үй гэдэг газарт орших хүн чулууг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. 
Доод Асгат уул. Монгол Алтай нуруунд Булган голоос баруун тийш Асгат уулаас хойш орших 3709 м өндөр уул.
Акшох уул. Баян-Өлгий аймгийн нутагт Ховд голын баруун биед Хотонхоргойн урагш орших 3300 м өндөр уул.

Алаг нуур. Алтайн нурууны салбар болох Хөвчийн нурууны зүүн дор Алаг нуурын хонхорт оршдог. Тектоник үүсэлтэй 20 ам.дөр.км орчим талбайтай, хоолны давстай нуур. Нөөц нь 1,6 сая орчим тн. Зуншлага сайтай жилд ус ихтэй болж, гантай жил ширгэдэг. Хөндийд нь заг их ургадаг. Хойноос нь Гаханчийн гол ирж цутгадаг.

Асгат уул. Баян-Өлгий аймгийн нутгийн хойд захад, улсын хилийн наахна, Сийлхэмийн нурууны хойд Ихтүргэн уулаас хойш орших 3795 м өндөр уул. Энэ ууланд 2000 тн мөнгөний болон висьмут, суурьма, зэсийн баялаг орд бий. Энэ ордыг ашиглах нөхцлийг бүрдүүлж байна. Зарим зурагт Асгатын давааны уул гэж нэрлэсэн байдаг. 7 орчим ам.дөр.км талбай бүхий мөнх цаст мөсөн голтой.

Ачит нуур. Монгол Алтайн хамгийн том нуур, урт нь 24 км, өргөн нь 18 км, талбай нь 297 ам.дөр.км юм. 1435 м өндөр оршдог. Гүн нь 5 м, усны эзэлхүүн нь, 665 шоо.дөр.км. Тектоник үүсэлтэй нуур. Цэнгэг устай 10500 ам.дөр.км талбайгаас усжина. Бөхмөрөн, Хөв-Ус гол, Хатуугийн гол, Цагаан-нуурын гол, Улиастайн зэрэг голууд цутгаж, Усанхоолой урсгал гарч Ховд голд нийлдэг. Бөхмөрөний адаг намагтай. Өмнөд зэрэгт нь хадан хясаа нуур уруугаа түрж ороод эгц хошуу үүсгэсэн. Зүүн хойд эргээр нь одоогийнхоо төвшнөөс 50-60 м өндөр нуурын усны эзэлж байсан тэр газарт нь олон жижиг нууртай намгархаг газар бий. Эндээс эртний төрмөлийн эриний амьтны үлдэгдэл олддог. Ачит нуураас баруун хойш орших "Шанаган хэв" гэдэг газраас түрэг бичигтэй хөшөө олджээ.

Бугатын рашаан. Баян-Өлгий аймгийн Цагаан-нуур сумын нутагт х.ө.49 04, з.у.90 12 -ын солбилцолд орших гидрокорбанат сульфат натрийн найрлагатай бүлээн рашаан.

Булган гол.
Монгол Алтайн өмнө хэсэгт хил дээр оршдог Дөшин уулаас эх авч урсаад хил гарч Өлөнгөр нуурт цутгадаг. 8750 ам.дөр.км. талбайгаас усжиж, Монголын нутагт 250 км урсана. Улаан, Ёлт, Улаан даваа, Сайхан, Ихжаргалан, Хужирт, Цөнхөл Ихтөмөрт голуудыг нийлүүлж авдаг. Уналт нь 1900 м бөгөөд 1 км газарт дундаж уналт нь 7,6 м хүрнэ. Хөндийд нь морены үүсэлтэй нуур олон бий. Урсгалын доод хэсэгтээ Зүүнгарын цутгал Улиастайн адаг хавиас баруун тийш огцом эргэнэ. Хэдийгээр өндөр уулын үргэлжлэл байсаар байх боловч зүүн гарын говийн нөлөө тодорхой үзэгдэх болдог. Энд цөлийн хялганат хээр, бут харгана, заг их бий. Дээд хэсэгт нь хар модон ой, түүнээс доошлох тусам хар модтой бургас холилдон ургадаг. Минж оршдог учраас Булган голын дагуу түүнээс хоёр эрэг тийш тус бүр дундажаар 1,5 км өргөнтэйгээр улсын хилээс голыг өгсөж 25 км зурвас газраар 1965 оноос дархан газар, 1995 оноос Байгалийн нөөц газар болгон улсын тусгай хамгаалалтад авсан. Дархан газрын талбай нь 77 ам.дөр.км. Голын усны дундаж урсан өнгөрөлт Булган сумын хавьд 10,8 м.сек байдаг. Дээр үед Булган голыг одоогийн Цоохор нуураар дамжин Баруунхуурайн говьд ирж цутгадаг байсан гэж үздэг.

Бураатын даваа. Ховдоос Өлгий орох замд Хонгиогийн голыг өгсөж, Толбо нуурын Хонхор луу орох замд Хатуугийн голын эхний уулын урд доогуур давах даваа. Бас Хонгор Өлөнгийн даваа гэдэг. Цайр уулын хажуу талд оршдог. Мянганы зам төслийн хүрээнд уг даваагаар дамжих замыг засаж сайжруулсан байна.

Борбургас гол. Сийлхэмийн нуруунаас эх авч зүүн урагшаа урсан, Согоогийн голд нийлэх гол.
Борбургасын тал. Ховдын цутгал Согоогийн голын хойд биеэр Борбургасын адаг хавиар орших тал.
Борбургасын гол. Алтайн нуруун дахь Тал нурууг дамжин 80 км орчим урсаад Сагсай голд цутгадаг.
Далайн хөлийн уул. Баян-Өлгийн нутагт Тал нуурын хойд эргээр орших 3296 м өндөр уул.

Дөрөө нуур. Монгол Алтайн ууланд Дэлүүний голын эхээс хойш, Дэлүүний уулаас баруун хойш 2374 м өндөрт орших нуур. Урт өргөн нь 4-10 км. 14 ам.дөр.км талбайтай.
Дэлүүн гол. Алтайн нуруунаас эх авч урагшаа 60 орчим км урсаж, Дэлүүн сумын төвийн ойролцоо Чигиртэй голтой нийлж Буянт гол болно.

Дэлүүн уул. Алтайн нурууны хэсэг бөгөөд Хөхсэрх уулын баруун хойшоо муруйсан төгсгөлд оршдог. Хамгийн өндөр цэг нь 3758 м өндөр уул.
Дэлүүний Эх уул. Монгол Алтайн гол нурууны хэсэг Хөхсэрх нурууны хойд залгаа, Дэлүүн, Шураг голын эхэнд Ховд сумын төвөөс баруун тийш орших 3787 м өндөр уул.

Таванбогд уул. Манай улсын хамгийн баруун хязгаарт гурван улсын хилийн уулзварт, Алтайн нурууны хамгийн өндөр цэгийн нэг болж оршдог бөгөөд 113 ам.дөр.км. талбай бүхий мөнх цас, мөсөн голтой тахилгатай том уул юм. Таванбогд уулаас зүг бүр тийшээ том уулнууд салбарлаж гардаг. Таванбогд уулын хамгийн өндөр цэг нь Хүйтэн (Найрамдал) оргил 4374 м юм. Таванбогд уул нь голчлон хувирмал занар, бялхмал боржингоос тогтсон. Хажуу нь бутан (тарваган хусан) ширэнгээр бүрхэгдсэн. Өмнөд хажуугаараа голын хөндийд нь хар модон ойтой. Потанин, Прежвальский зэрэг мөсөн голууд бий.
 Таван оргилтой учраас Таванбогд гэж нэрлэдэг. Таван оргил нь Хүйтэн, Мөст, Таванбогд, Ямаат, Аргалант эдгээр болно. 3 улсын хилийн эдгээр таван оргилыг Алтайн мөнх цаст 13 оргилын нэг гэж үзэж болно. Гурван улсын хилийн уулзвар болох оргил нь 4082 м өндөр юм. Цамбагарав уул. Монгол Алтайн нурууны салбар, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгийн заагийн Гурванцаст уулын зүүн хойд захын оргил 4165 м өндөр тахилгатай мөнх цас мөсөн голтой уул. Мөс судлалын ач холбогдолтой. Цамбагарав уулыг 2000 онд 1109 ам.дөр.км талбайгаар Байгалийн цогцолборт газар болгон улсын хамгаалалтад авчээ.  
Мөст уул. Алтайн нурууны мөнх цаст 13 оргилын нэг. Даян нуураас баруун тийш Хоргон нуураас урагш Улсын хил дээр оршино. Хамгийн өндөр оргил нь Өндөрхайрхан 3943 м. Энэ ууланд 19 ам.дөр.км. талбайтай мөнх цас, мөсөн гол бий.
Мөст уул. Баян-Өлгийн Цэнгэлхайрхан уулын зүүн талд залгаа орших 3120 мөндөр уул.

No comments:

Post a Comment